ХАРАА ХЯНАЛТГҮЙ ХҮҮХДИЙГ ИЛРҮҮЛЭХ, ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хараа хяналтгүй хүүхдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1016 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа гэр орноосоо хөндийрч, урт хугацааны турш хараа хяналтгүй амьдарч байгаа хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд улсын асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг дүүргийн хэмжээнд 2018 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Илрүүлэлтийн ажлын хэсэг дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хар хорин зах, Барс-2 зах, Барс-1 зах, Саппоро, Өргөө кино театр болон томоохон хүнс, барааны дэлгүүр, Гандан хийд, хоолны газар, олон нийтийн гудамж талбай, РС тоглоомын газраар явж илрүүлсэн хараа хяналтгүй болон хараа хяналт сул хүүхдүүдийг хэлтсийн байрандаа түр байрлуулан бүртгэлжүүлж, ар гэр, асран хамгаалагчтай нь гэрээ байгуулан хүлээлгэн өгч, гэр бүлд нь эргэн нэгтгэх боломжгүй хүүхдүүдийг асрамж, халамжийн төвд шилжүүлэн өгч ажиллалаа.